Нэмэгдсэн: 2017-09-13 12:30:00

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогчдыг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Азийн хөгжлийн банкт /ADB/-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү хөтөлбөрийн Хойд бүсийн сургалт Орхон аймагт боллоо.

ХЗХ-дын хөгжлийн хэтийн чиг хандлага, Канад болон хамтын санхүүжилтын тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын туршлага, сорилтыг хэлэлцсэн тус сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 16 ХЗХ оролцож, гишүүдийн оролцоонд суурилсан засаглал, эрсдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн талаар санал солилцлоо. Хамтын удирдлага бүхий санхүүгийн байгууллагын хэтийн чиг хандлагын талаарх энэхүү олон улсын шалгарсан бүтэц, зохион байгуулалтыг жишээлсэн тогтолцооны төлөвлөлт, түүний эерэг болон сөрөг үр дагаварыг хэлэлцсэн сургалтын үр дүнд ХЗХ-дын удирдах ажилтнууд бодит амьдралд тохиолддог хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг зөвшилцөж, гишүүдийг мэдлэгжүүлэх шаардлага, эрсдлийг хаах системийг боловсронгуй болгох талаар зөвлөн ярилцав.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад хэрэглэгчдийн санхүүгийн мэдээллийн сан болон бүсийн бизнесийн онцлог, цаг хугацааны хамааралд тохирсон ажлын уялдаа, хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг сургалт, хэлэлцүүлгээр онцолж, үүнийг Хороо болон Холбоо /МХЗХҮХ/-ны бүрэн эрх, бүтцэд тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй гэж тогтов.

Ашгийн бус байгууллага болох ХЗХ-дод Хүн амын орлогын болон хувь хүний орлогын, мөн хадгаламжийн хүүгийн татвар ихээхэн дахамт болж буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж, Хорооны бүртгэлийн болон зөвшөөрөл, хягалтын үйл ажиллагааг цахим болгох, хялбаршуулах талаар тодорхой арга хэмжээ авахыг хүслээ.

Сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Пиер Сегуйн, тус банкны үндэсний зөвлөх Т.Оюунчимэг нар удирдан явуулав.