Нэмэгдсэн: 2017-09-29 22:35:00

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, хамт олон Монголын Ахмадын өдрийг угтан өнөөдөр байгууллагынхаа ахмад настнуудыг хүндэтгэн хүлээн авлаа. Хорооны Ахмадын зөвлөл 16 гишүүнтэй бөгөөд тэдний ихэнх нь хэдийгээр гавъяаны амралтанд суусан ч гэлээ томоохон хувийн болон төрийн санхүүгийн байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, багшилдаг өндөр боловсрол, мэдлэгтэй хүмүүс юм. Тиймээс Хорооны дарга С.Даваасүрэн, та бүхний мэдлэг, туршлага бидэнд ихээхэн өмөг түшиг болдог гээд, ахмад, дунд, залуу үеийнхний мэргэжлийн мэдлэг, чадварын залгамж холбоог бэхжүүлж ажиллах нь чухал болохыг онцолсон юм.

Банкнаас бусад санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлж, нийт санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ, нөлөөг нэмэгдүүлэх бодлого баримтлан, энэ чиглэлээр олон улсын болон бүс нутгийн, мөн дотоодын холбогдох байгууллагуудтай нягт хамтран, санхүүгийн Тогтвортой байдлын зөвлөлд зохих түвшний байр суурьтайгаар ажиллаж байгаагаа Хорооны дарга С.Даваасүрэн ахмад настнуудад танилцууллаа. Түүнчлэн Цагаан сарын баяраар уулзсанаасаа хойш хийсэн гол ажлууд, мэдэгдэж буй үр дүнг товч дурдав.

Ахмадын зөвлөлийн дарга, Хорооны орон тооны гишүүнээр ажиллаж байсан Б.Шаравсамбуу настнуудыг төлөөлөн Хорооны үйл ажиллагаа ихээхэн идэвхжин сайжирч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, ялангуяа Хорооны дарга С.Даваасүрэн дэлхийн 100 шахам улсыг эгнээндээ нэгтгэсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд сонгогдсонд баяр хүргэлээ.

Хорооны дэд дарга Д.Баярсайхан энэ оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ахмад настны тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоол, Ахмадын сан байгуулах, удирдах, хяналт тавих нийтлэг журмын талаар товч танилцууллаа. Ахмад настны тухай хуульд байгууллагууд нийт цалингийн сангийнхаа 3.0 хувьтай тэмцэх хэмжээгээр Ахмадын сан байгуулахаар заасны дагуу Хороо Ахмадын зөвлөлтэйгөө хамтран сан байгуулж, журам гаргахаар идэвхтэй ажиллаж байсан юм. Гэтэл Засгийн газар нийтлэг журам гаргасан тул уг журмыг баримтлан ажиллах юм.