Нэмэгдсэн: 2017-10-11 14:03:00

Хоёр болон түүнээс олон тооны биржид үнэт цаасаа бүртгүүлж, төдий тооны хөрөнгийн зах зээл дээр зэрэг гарах хувьцаат компаниудын бизнесийн үйл ажиллагааг давхар бүртгэл гэж товчхоноор ойлгож болно.

Зэрэг гарч буй зах зээлүүдийн ялгаатай нөхцөлүүд харилцан бие биеийнхээ сул, дутагдалтай талыг нөхөж, үнэт цаас гаргагчдад боломж олгодог. Тухайлбал, аль нэг зах зээл дээр хувьцааны хөрвөх чадвар бага, капиталын нөөц хомс, хөрөнгө оруулагчдын идэвх, мэдлэг сул, ногдол ашгийн татвар өндөр зэрэг олон учир дутагдал байж болох бөгөөд энэ тохиолдлууд тухайн үнэт цаасны ханшид сөргөөр нөлөөлж, багаар тогтоход хүргэнэ. Харин нөгөө зах зээл дээр байдал эсрэгээр байгаа нөхцөлд хувьцааны үнэ бодитоор тогтоход нөлөөлнө.

Хэдийгээр давхар бүртгэл хийх нь хувьцаат компаниудын өөрсдийн шийдэх асуудал ч гэлээ стратегийн хувьд аль бүс нутаг, зах зээлийг сонгох вэ гэдэгт санхүүгийн зохицуулагч байгууллагууд бодлогын чиглүүлэл хийж байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долоодугаар сарын хуралдаанаараа Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн арилжаа эрхлэх 26 байгууллагын жагсаалтыг баталсан. Тус жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компаниуд манай улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах боломж бүрдэх юм.

Жагсаалт батлагдсантай холбоотойгоор Хороо ажлын хэсэг байгуулан, уг жагсаалт дахь биржүүдэд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасыг Монгол Улсад гаргах, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх, мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах, бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журмын төслийг боловсруулаад байна.

Нийтээр болон тодорхой бүлэг хэсгийн дагаж мөрдөх хэм хэмжээг зохицуулсан журам дүрмийг бий болгохдоо тухайн актын төслийг цахим хуудсанд сараас багагүй хугацаанд байршуулж, олон нийт болон холбогдох этгээдүүдээс санал авах хуультай. Үүний дагуу журмын төсөлд санал авч байна.

Төслийг эндээс татан авч, холбогдох е-майл хаягуудаар санал өгөх боломжтой.