Нэмэгдсэн: 2017-10-31 16:02:00

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн зохицуулалт, хяналтыг 18 хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан 154 журам, заавар, аргачлалыг мөрдүүлэн хэрэгжүүлж байна. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх эзэмшигч зохицуулалтын этгээдүүдэд мөрдүүлж буй хэм хэмжээ тогтоосон дээрх 154 актыг 2016 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх ажил явагдаж байна.

Энэ ажлын хүрээнд үнэт цаасны зах зээлийн зарим журмыг шинэчлэн боловсруулсан төсөлд зах зээлийн оролцогчид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нар болон олон нийтээс санал авахаар хэлэлцүүлж эхэллээ.

Эхний ээлжинд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүний арилжаанд оролцогчийн үйл ажиллагааны зохицуулалтын, Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих, Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай, Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих, Зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчаас зар сурталчилгаа явуулах, Монгол улсын хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай, Нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны, Хамтын хөрөнгө оруулалтын сангийн активын бүрэлдэхүүн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох болон Зохицуулалттай этгээдийн эрсдэлийн сангийн зэрэг 12 журмын шинэчилсэн төсөлд санал авч байна.