Нэмэгдсэн: 2017-12-22 09:41:00

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэ дэвшил, сорилт, боломжуудыг бий болгож байна. Финтек (FinTech) буюу дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, энэ төрлийн бизнес хандлага хэрэглэгчдэд чирэгдэл багатай, шуурхай, амар хялбар нөхцөлийг санал болгож байгаа хэдий ч энэ хэрээрээ мэдээллийн нууцлал алдагдах, хууль бус арилжаа, гүйлгээ хийгдэх зэрэг цөөнгүй эрсдэлийг дагуулж буй юм.

Уламжлалт санхүүгийн харилцааны хэв маягийг түрэн гарч ирж буй санхүүгийн цахим зах зээлд тэгвэл бодлогын болон удирдлагын зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

Финтекийн анхны элементүүд интернет орчинд бий болж эхэлсэн цагаас л Регтек (RegTech/Regulation Technology) буюу зохицуулалтын шийдлүүдийг эрж хайх ажил эхэлсэн юм. Нэгэнт бизнес, санхүүгийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэлсэн тул зохицуулалт нь мөн эдгээр зохицуулах шаардлагатай үйл ажиллагаандаа нийцсэн хэлбэрт шилжиж, шийдэл гарцаа тодорхойлсон байх учиртай.

Өнөөдөр дэлхий дахины технологийн салбарт Регтек системийг хөгжүүлэх, үүний дотор санхүүгийн удирдлага, хяналтын шийдлийг олох, хөгжүүлэх үйл ажиллагаа эрчимтэй хийгдэж байна. Хамгийн сүүлийн тооцоогоор дэлхийн зах зээл дээр зохицуулалтын систем хөгжүүлэгч компаниудын тоо 6000-аас нэгэнт давжээ. Эдгээр компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2012-2016 онд 38.5 хувиар өссөн байна. Зөвхөн АНУ-д гэхэд өнөөдрийн байдлаар Регтек системийн хөгжүүлэлтэд жилд 80 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд 2020 он гэхэд 120 тэрбум ам.доллар болно гэж шинжээчид тооцоолж буй юм.

Санхүүгийн салбарт Регтек шийдлүүд нь мөнгө угаахтай тэмцэх, хэрэглэгчийг таних, кибер аюулгүй байдлаас хамгаалах, тайлангийн өгөгдөлд шинжилгээ хийх, эрсдэлийг удирдах, залилангаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон асуудлыг шийдэхэд чиглэгдэж байна. Хэрэглэгчдийн хувьд санхүүгийн зохицуулалтын дүрэм, журмыг ойлгож үйл ажиллагаагаа тэдгээрт нийцүүлэн явуулах, тайлан, мэдээллээ сайжруулах, стандартчилах, арилжаа, гүйлгээний мэдээллээ хянах, болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлох функцуудыг Регтек санал болгож буй юм.

Улс орнуудын санхүүгийн зохицуулагч байгууллагууд дүрэм журмын хэрэгжилт, мэдээлэл цуглуулах, салбарын тогтвортой байдал, зах зээлд оролцогчдын ил тод байдал, компанийн засаглал зэрэгт Регтекийн шийдлүүдийг ашиглан хяналт тавих боломжтойн дээр өөрсдийн гүйцэтгэл, зохицуулалтын механизмыг ч мөн технологи ашиглан хэрэгжүүлэх бололцоо бүрдээд байна.

Эдүгээ Монгол Улсад нэгэнт нэвтэрч, хүртээмжтэй хэрэглээ болж чадсан цахим банк, мобайл банк зэрэг интернет болон бусад сүлжээнд суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүний хяналт зохицуулалтыг зохих түвшинд хүргэж хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг илэрхий татаж буй криптовалютууд, тэдгээрийн хэрэглээ, гүйлгээ болон ирэх нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөх “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийн хүрээнд үүсэж бий болох үндэсний цахим мөнгөнүүдийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нэгдсэн Регтек шийдлийг гаргах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгамдаж байна.