Нэмэгдсэн: 2018-01-08 16:19:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2012 онд 355 тоот тогтоол гаргаж, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээ 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийнхыг  6.0 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоосон юм. Ингэхдээ уг шийдвэрийн бүрэн хэрэгжих хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-нээр зааж, компаниудад дүрмийн сангаа дээрх доод хэмжээнд хүргэн бүрдүүлэх хугацааг дөрвөн жилээр тогтоож өгсөн юм.

Гэвч даатгалын компаниудаас тогтоолын хэрэгжилтийг хоёр жил хүртэл хугацаагаар сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2016 онд Хороонд ирүүлснийг тухайн үед нягтлан үзэж, хянан хэлэлцээд, улс орны эдийн засаг, бизнесийн орчин нөхцөл, даатгалын компаниудын санхүү, төлбөрийн чадварын байдлыг харгалзан 236 тоот тогтоол гарган, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаад байгаа билээ.

Иймд даатгалын компаниуд дүрмийн сангийн доод хэмжээг энэ оны эхний хагас жилийн дотор гүйцэд ханган бүрдүүлсэн байхыг Хороо албан ёсоор сануулж байна.