Нэмэгдсэн: 2018-07-05 05:46:00

Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хүрээнд явуулж буй орон нутгийн иргэдэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэдхэн хоногийн өмнө “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-өөр үргэлжиллээ. Дархан-Уул, Булган, Орхон аймагт тус бүр нэг өдрийн турш зохион байгуулсан өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай хамтран хийж, нийт 3000 гаруй хүнд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэв.

Өдөрлөгүүдэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон үнэт цаасны брокер, дилерийн компаниуд оролцож иргэдэд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн захаас компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт, сурталчилгаа явуулсан юм. Иргэд 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээлэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон 1072 хувьцааны талаар илүүтэй сонирхож байлаа.

Зохион байгуулагч байгууллагууд өдөрлөгт ирсэн иргэдэд үнэт цаасны данс, ногдол ашгийн мэдээллийг шүүж өгөх, арилжааны данс нээх, бирж дээрх хувьцааны гүйлгээ, үнэ ханшийн талаар зөвлөгөө өгч үйлчилсэн бол Хороо тэдний хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэн хариу өгч, шалгах шаардлагатай асуудлуудыг Хяналт шалгалт, зохицуулалтын газарт шилжүүлэв. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн болон зохицуулалтын орчин, Хорооны чиг үүрэг, бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.