Нэмэгдсэн: 2018-07-26 08:15:00

Банкнаас бусад санхүүгийн байгууллагууд Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу харилцагчийг таниж мэдэх үүднээс үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг үзэх шаардлага тавин ажиллаж байгаа ч харилцагчдаас баримт бичиг үзүүлэхгүйгээр үйлчлүүлэхийг шаардах, баримт бичиггүйгээр үйлчилгээ үзүүлэх тохиолдлууд байгууллагуудад гарч байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх гэмт хэрэгт өртөх магадлал илүү өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй гэж заасан.

Тухайлбал харилцагчаас харилцаа үүсгэхийн өмнө, дансгүй, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг болоод тэнцэх хэмжээний гадаад валютын гүйлгээ хийхийн өмнө, харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөгөөс дээш, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютын гүйлгээ хийлгэхэд, харилцагчийн мэдээлэл үнэн зөв эсэхэд эргэлзэх, тухайн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн зэрэг тохиолдлуудад харилцагчаас албан ёсны эх сурвалж, баримт бичгийг шаардана. 

Хэрэв харилцагч дээрх хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг эс өгвөл түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй гэж заасан бол Зөрчлийн тухай хуульд баримт бичиг үзүүлэх шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, торгох заалттай. Мөн мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан хүн, хуулийн этгээдэд аливаа үйлчилгээ үзүүлсэн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байдаг. 

Иймд иргэд валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагаар шинээр үйлчлүүлж буй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч байгууллага харилцагчаас түүнийг танихтай холбоотой баримт бичгийг шаардах эрхтэй тул баримт бичгээ үзүүлж үйлчлүүлэх нь зүйтэй юм.