Нэмэгдсэн: 2018-09-07 07:14:00

“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл” нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд төслийн багийнхан идэвх чармайлттай ажиллаж, энэ сарын 4, 5-ны өдрүүдэд төслийн үр дүнгээ хэлэлцлээ. Уг төслийг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Дэлхийн манлайллын академи (GLA) болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч олон улсын байгууллага(AII)–аас хамтран хэрэгжүүлсэн.  

Төслийн үр дүнг хэлэлцсэн энэхүү уулзалт нь төслийг хэрэгжүүлэгч Үндэсний багийнхны гурав дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг бөгөөд манай улсын Үндэсний багийн гишүүдэд дэмжлэг өгч ажилласан олон улсын зөвлөх Яннис Крисостомидис семинарт оролцлоо.

Хүртээмжтэй даатгалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц шинэ санаа, шилдэг санаачилга, зохистой зохицуулалтын орчныг бий болгох зорилготой энэхүү төслийн хүрээнд Үндэсний багийн гишүүд “Үндэсний уулзалт хэлэлцүүлэг” болон “Олон улсын уулзалт”-д тус бүр хоёр удаа оролцож, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх дорвитой алхмуудыг хийж эхлүүлээд байна. Тухайлбал, Монгол Улс Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх зураглал, төлөвлөгөөтэй болохоос гадна хүртээмжтэй даатгалыг иргэдэд хүргэхэд чиглэсэн даатгалтай холбоотой аппликэйшн бий болгох зэрэг ажлыг хийж байна.