Нэмэгдсэн: 2018-09-12 08:44:00

Улсын хэмжээнд энэ оны II улирлын байдлаар нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагын 490 нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба 150,542 зээлдэгч бүртгэлтэй байна. Эдгээр 490 ББСБ-аас 433 нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр буурсан үзүүлэлт юм. Салбарын зээлдэгчдийн тухай мэдээллийг хүргэвэл 88.1 хувь нь хэвийн зээл, 6.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.5 хувь буюу 2,307 нь хэвийн бус, 1.4 хувь буюу 2,178 нь эргэлзээтэй, 2.1 хувь буюу 3,218 муу зээлдэгчид эзэлж байна.

Зээлдэгчдийн насжилтын тухайд авч үзвэл нийт зээлдэгчдийн 81.3 хувь буюу 121,241 нь 18-45 насныхан байгаа бол 14.1 хувь буюу 21,013 нь 46-55 насныхан, 4.7 хувь нь 55-аас дээш насны иргэд байна. Харин боловсролын төвшнөөр харвал дээд боловсролтой иргэд 62.5 хувийг, бүрэн дунд боловсролтой иргэд 20.9 хувийг, тусгай дунд боловсролтой иргэд 8 хувийг, дунд боловсролтой иргэд 8.2 хувийг, бага сургуулийн боловсролтой иргэд 0.4 хувийг тус тус эзэлсэн байна. Хүйсийн хувьд харилцагчдын 48 хувь нь эмэгтэй, 52 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн дийлэнхийг залуу болон идэр насны дээд боловсролтой иргэд бүрдүүлж байна.