Нэмэгдсэн: 2018-09-14 09:00:00

Санхүүгийн зохицуулах хорооны шинээр байгуулагдсан Бодлогын зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон УИХ-аас баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дүрэмд зааснаар “зохицуулалтын үйлчилгээний хүрээний тодорхой салбарын үйл ажиллагаа, чиг хандлагын талаар зөвлөлдөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор байгуулах”-аар заасан байдаг. Үүний дагуу Хороо 2006 онд “Бодлогын зөвлөлийн журам”-ыг баталж, зохицуулалтын салбар, чиглэл тус бүрээр Бодлогын зөвлөлүүдийг нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан юм. Бодлогын зөвлөлүүд Хорооноос санхүүгийн салбарын талаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй болон хийж буй ажил, шийдвэрт бодлогын зөвлөгөө өгөх, зөвлөлдөх хэлбэрээр ажиллаж байв. Дээр дурдсан журмыг 2015 онд шинэчлэн сайжруулж, мөн ондоо Бодлогын зөвлөлүүдийг дахин шинээр байгуулсан юм. Тухайн үед нийт 49 гишүүнтэй дөрвөн зөвлөл байгуулагдаж, Хороонд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа, чиг хандлагын талаар бодлогын зөвлөмж өгч, харилцан зөвлөлдөж ирсэн юм.

Санхүүгийн зохицуулагч байгууллагын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан олон улсын байгууллага, зөвлөхүүд болон экспертүүдээс өгсөн зөвлөмжийн дагуу Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ оны 7 дугаар сард дахин шинэчилсэн юм. Энэ удаа Бодлогын зөвлөлийг банкнаас бусад санхүүгийн салбар тус бүрээр бус, нэгдсэн нэг бүтэц байхаар тооцож байгуулаад байна. Бодлогын зөвлөлийг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдах бөгөөд Хорооны Үнэт цаасны, Даатгалын, ХЗХ-ны, ББСБ-ын газрууд, Монголын Даатгалын, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн, Банк бус санхүүгийн байгууллагуудын болон Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоодын төлөөллийг багтаасан нийт 10 гишүүнтэй ажиллана. Бодлогын зөвлөлд дээрх байгууллагуудаас гадна МУИС-ын доктор, судлаач Б.Алтанцэцэг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар ажиллах юм.

Бодлогын зөвлөлийн өнөөдрийн хурлаар гишүүд салбар тус бүртээ тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, зөвлөл цаашид юунд төвлөрч, хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.