Нэмэгдсэн: 2018-09-19 08:36:00

Чимэдсүрэнгийн ӨЛЗИЙ

/1971-2018/

Санхүүгийн зохицуулах хорооны Баянхонгор аймаг дахь төлөөлөгч, тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Чимидсүрэнгийн Өлзий нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ч.Өлзий нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1971 онд төрсөн. 1988 онд аймгийн 10 жилийн I сургууль, 1992 онд МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байсан юм.

Ч.Өлзий нь 1993 оноос аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогч, 1996 оноос Хөгжимт драмын театр, Номын сан, Музей, Тэмүжин театр гэсэн дөрвөн байгууллагын нягтлан бодогчийн ажлыг хавсран хийж 10 гаруй жил соёл урлагийн салбарт ажилласан юм. 2002 оноос аймгийн ЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтэн, 2012 оноос бүртгэлийн мэргэжилтнээр, улсад нийт 25 жил ажилласан байна. Ажиллах хугацаандаа Баянхонгор аймгийн санхүүгийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон шилдэг боловсон хүчний нэг байлаа.

Соёлын байгууллагуудын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүү бүртгэлийн “Винница” програмыг нэвтрүүлж, нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу болгон төсвийн хөрөнгийн зарцуулалтанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, “Стандарт нэвтрүүлсэн байгууллага” гэрчилгээг авсан. Байгууллагуудын жил бүрийн төсвийн төлөвлөлтийг үндэслэл сайтай боловсруулан батлуулж, байгууллагын хөрөнгө санхүүгийн асуудлыг бэхжүүлэх, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, өр авлагагүй ажиллахад анхаарч мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байсан юм.

2002 онд Монгол улсад анх удаа төрийн сангийн тогтолцоо бий болоход төрийн сангийн мэргэжилтнээр ажиллан, шинэ тогтолцоог нэвтрүүлэх, уг тогтолцоог төлөвшүүлэн, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Бүртгэлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулах, тайлангийн ирцийг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах зэрэгт хууль журмын дагуу хяналт тавьж, зөвлөгөө өгөх, сургалт хийх, ажил дүгнэх, урамшуулал хариуцлага тооцох зэрэг олон төрлийн ажлыг санаачлан, аж ахуй нэгж байгууллагын “И-Баланс” шинэ программд оруулсан санхүүгийн тайланг хянаж цэгцлэн, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, программыг аймагтаа нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан.

Төрийн албанд 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, дараах шагналуудаар шагнасан байна.

  1. 1998 онд Соёлын яамны “Соёлын аварга ажилтан”
  2. 2000 онд Сангийн яамны “Жуух бичиг”
  3. 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,
  4. 2007 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль,
  5. 2008 онд Сангийн яамны“Санхүү, банкны тэргүүний ажилтан”,
  6. 2010 онд Сангийн яамны ”Санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдэг”
  7. 2015 онд Сангийн яамны “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”
  8. 2008 онд “Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг
  9. 2005 онд аймгийн “Оны шилдэг нягтлан бодогч”
  10. 2014 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Хүндэт өргөмжлөл”
  11. 2015 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн медаль

Ч.Өлзий нь аймаг, орон нутагтаа санхүү, бүртгэлийг хөгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэх, санхүүгийн салбарын ажиллагсадын мэдлэг ур чадварыг сайжруулахад зохих хувь нэмрээ оруулж, орон нутаг, хамт олноос зохион байгуулж байгаа спорт, урлаг соёлын арга хэмжээнд шүлэг, дуу, хөгжим, гар бөмбөг, шатар, теннисний төрлөөр тогтмол, амжилттай оролцож, өөрийн хүч чадлаа дайчлан санаачлагатай, хамт олноо үлгэрлэн манлайлж ажилладаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэргүүний ажилтан байлаа.

Талийгаачийн улс эх орон, аймаг, орон нутгийнхаа төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. 

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС