Нэмэгдсэн: 2018-11-13 04:09:00

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ)-тэй хамтран үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг  Хорооны болон ММНБИ-ийн сургагч багш удирдаж явуулж, зохицуулалттай, мэргэжлийн зах зээлд мөрдөгдөж буй стандарт шаардлага, салбарын өнөөгийн төлөв байдал, хөгжлийн чиг хандлага болон олон улсын жишиг, практик арга хэрэгслүүд зэрэг өргөн хүрээтэй сэдэв, агуулгыг багтааж байна. Мөн аудит болон үнэлгээний мэргэжлийн үйл ажиллагааг үнэт цаасны зах зээлийн онцлогтой уялдуулан явуулахад шаардлагатай сэдэв, асуудал, тусгай арга ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл өгч, тус зах зээлийн дэд бүтэц, санхүүгийн хэрэгслүүд, бүтээгдэхүүний нэр төрөл, арилжааны үйл явцыг нэг бүрчлэн танилцуулж байна.

Гурван өдөр үргэлжлэх сургалт маргааш дуусах бөгөөд хөрөнгийн зах зээлд аудит, үнэлгээ хийхэд гардаг нийтлэг асуудлууд, тайлан тэнцлийг унших, нягтлахтай холбоотой онол, арга зүйн мэдлэгээс гадна бодит баримтуудад дүгнэлт хийсэн бүтээлч ажлуудыг агуулж байгаагаараа сургалтын үйл ажиллагаа онцлог болж байна. Сургалтад нийт 70 мэргэжилтэн хамрагдаж байна.