Нэмэгдсэн: 2018-11-16 07:41:00

Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газраас өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Ногоон санхүүжилтийн бодлого” сэдэвт семинарт оролцлоо. Уг семинар нь Дэлхийн ногоон санхүүжилтын манлайллын хөтөлбөр (The Global Green Finance Leadership Program, ОУНСМХ)-ийн хоёрдугаар шатны хүрээнд зохион байгуулагдсан юм.

ОУНСМХ нь Олон улсын санхүүгийн корпораци (International Finance Corporation, ОУСК)-ийн дэмжлэгтэйгээр Цинхуа их сургуулийн Санхүү, хөгжлийн төвийн санхүүжилтээр 2018 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь тогтвортой, ногоон санхүүжилтын салбар дахь дэлхий нийтийн мэдлэг солилцооны талбар болох зорилготой олон улсын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн эхний шатны хүрээнд 35 орны 120 бодлого боловсруулагчдыг хамруулан санхүүгийн салбарын бодлого нь ногоон хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлд нэгдсэн стандарт бий болгоход хэрхэн нөлөөлөх талаар улс орнуудын туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан.

Энэхүү хоёрдугаар шатны хүрээнд тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжлийг бий болгох бодлогыг олон улсад хөгжүүлж буй Англи, БНХАУ-ын жишээг танилцуулан хэлэлцүүлжээ. Түүнчлэн санхүүгийн зохицуулагч болон бусад байгууллагууд өөр хоорондоо тогтвортой, ногоон санхүүжилтийн бодлогын чиглэл, нэгдсэн нэр томъёоллыг бий болгох, бичил санхүүгийн байгууллагуудад тогтвортой санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, чадавхжуулах хөтөлбөр зэрэг асуудлуудыг онцолсон байна.