Нэмэгдсэн: 2018-12-29 11:15:00

Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, салбарын холбоод, хэрэглэгчид, иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 2019 ондоо ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөж, шинэ жилийн мэнд дэвшүүлье!

2018 он Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээлд өндөр өсөлт, эрчимжилт шинэчлэл дүүрэн бялхсан жил байлаа.

Энэ онд бид дунд хугацаанд баримтлан ажиллаж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хангах үйл ажиллагааны стратегиа баталлаа. Нийт хамт олон, салбарын оролцогчид, санхүүгийн мэргэжилтэн, судлаачдын санаа бодлыг шингээн боловсруулсан стратеги төлөвлөгөөгөө бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр хэрэгжүүлж ажиллахад анхаарч байна. Түүнчлэн бид санхүүгийн зах зээлийн эрсдэлийн үнэлгээг анх удаа хийж, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ыг боловсруулан, зайны болон газар дээрх хяналт шалгалтын журам, төлөвлөгөөг гаргалаа. Энэ бүх ажлын үр дүнд манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бүхий улс орны “саарал жагсаалт”-д орох хүндрэлтэй нөхцөл байдлаас гарч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улиран буй 2018 онд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг илэрхийлэх үндсэн үзүүлэлт болох зах зээлийн нийт үнэлгээ огцом өсөж, 80 гаруй хувиар нэмэгдлээ. Зах зээлд шинээр зургаан үнэт цаас бүртгэгдсэний нэг нь анхны давхар бүртгэгдсэн үнэт цаас байна. ББСБ-ын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн нь санхүүгийн салбарын нэгдсэн цогц системтэй болох томоохон ажлын маань эхлэл боллоо. Мөн хадгаламж, зээлийн хоршоодын нийт активын өсөлт сүүлийн зургаан жилд анх удаа 30 хувийг давсан нь тэмдэглүүштэй амжилтуудын нэг байлаа.

Ирэх ондоо Санхүүгийн зохицуулах хороо салбарын оролцогчдыг улам бүр чадавхжуулах, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд хямд үнэтэй, өргөн сонголт бүхий санхүүжилтийн арга хэрэгслийг санал болгох чиглэлд хичээнгүйлэн ажиллах болно.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийн төлөө сэтгэл, итгэлээ зориулан ажиллаж буй нийт албан хаагчиддаа болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг мэргэжлийн холбоод, зохицуулалтын байгууллагууддаа, мөн нийт иргэд, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. 2019 онд Санхүүгийн зохицуулах хороо алсын хараа, зорилт бүхэндээ тууштай байж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг өндөрт өргөн, зах зээлд гарч буй өсөлт, хөгжлийг тогтвортой үргэлжлүүлж, амжилтаа ахиулсан жил болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн сайхан бүхэн түгэн дэлгэрэх болтугай!

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

2018.12.29