Нэмэгдсэн: 2018-12-31 05:58:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах референт Н.Оюунчимэг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Захиргаа удирдлагын газрын ахлах референт Л.Энхбаяр “Алтан гадас” одонгоор тус тус шагнууллаа. Шагналыг Хорооны дарга С.Даваасүрэн гардуулан өгч, төрийн албанд тууштай олон жил сэтгэл зүтгэлээ гарган хөдөлмөрлөж, хамт олондоо үлгэр дууриалал болон манлайлж ажилладаг та бүхний байгууллага болоод санхүүгийн зах зээлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, гавъяаг төр ийнхүү үнэлж байна гээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Ахлах референт Н.Оюунчимэг нь орон нутгийн төр захиргааны байгууллагад 22 жил, Санхүүгийн зохицуулах хороонд тасралтгүй 12 жил ажиллаж буй юм. Мөн ахлах референт Л.Энхбаяр нь улсад 29 жил ажилласнаас төрийн албанд тасралтгүй 20 жил ажилласны 16 жилд нь Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хороонд ажиллажээ.

Н.Оюунчимэг, Л.Энхбаяр нар итгэл сэтгэл нийлсэн хамт олонтой байх, тэдэн дундаа ажиллаж хөдөлмөрлөхийн сайхныг дурдаад, Хорооныхоо ажил бүтээлийг улам бүр өөдөө дэврүүн байхыг хүсэн ерөөж, хамт олон болон удирдлагууддаа талархал илэрхийллээ.