Нэмэгдсэн: 2019-01-02 07:32:00

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт өнгөрөгч 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 95 хувьтай байна. Энэхүү чадавхжуулах бодлого 2021 он хүртэл үе шаттай хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай.

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 3 дугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өсөөд байна. Мөн нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктаар буурсан дүнтэй байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарт ажиллагсдын тоо чадавхжуулах бодлогын үр дүнд 30.8 хувиар өсжээ.