Нэмэгдсэн: 2019-02-04 09:35:00

Жил сар, өдөр хоног нэгэн агшнаа битүүрэн жаргаж, тэнүүн дэлгэр Монголын тал нутагт хураан дүүрэх хийгээд буян арвидахын бэлгэдэлт ГАХАЙ жил шилжрэн ирж буй энэ цагт тэнэгэр сайхан сэтгэл, уужим холч ухаант монгол зондоо ураг хотлоороо учран цэнгэх “Цагаан сар”-ын дэлгэр баярын мэндийг дэвшүүлж, амар мэндийн ерөөл өргөе.

Дорнын их соёлын гүн уламжлалыг хөгжүүлэн манлайлсан эртний түүхт Монгол түмний зуун зуунаар хадгалж, үе үеэр өвлөн үргэлжлүүлсэн хүндлэн дээдлэх, эвлэн найрсахын утга учир төгөлдөр сайхан баяраараа хүн бүр гэгээн сайныг сэтгэж, гэрэлт бодлоор жигүүрлэн, айл хотоороо аз жаргалыг хэлэлцэж, амжилт ололтыг өгүүлэлдэн ургаараа учирч, удмаараа баясан цэнгэдэг уламжлалтай. Он цаг хийгээд орчлон хорвоо шинэдэн буй энэхүү шинийн сайхан өдрүүдэд улиран үлдсэн нохой жилдээ элдэв хар буруу, эндэл алдаа бүхнээ орхиод, урагшлан хөгжих, тэмүүлэн дэвшихийн урам зоригоор дүүрэн баярлах болтугай.

Өнгөрөн буй нөхөрсөг нохой жил Монгол Улсын санхүүгийн салбарт бодитой өсөлт, түүхэн амжилтуудыг авчирсан өөдрөг сайхан жил байлаа. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд хүртээмжийг тэлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, шинэ шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдгээр салбарт дунджаар 30 гаруй хувийн өсөлт гарч, нийлбэр дүнгээрээ ДНБ-ий 16 хувьтай тэнцлээ. Энэхүү өсөлтийг хадгалах, санхүүгийн хүртээмжийг улам өргөжүүлэн тэлэх зохистой бодлого, оновчтой хяналт, зохицуулалтыг Хороо үргэлжлүүлж, олон тулгуурт, тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Та бидний эрмэлзэл тэмүүлэл, чин хүсэл зориг бүхэн сайн сайхны бэлгэдлээр тэтгэгдэж, сэтгэлчлэн бүтэх хийгээд буян заяа тэгшрэн дүүрч, амгалан жаргалан дэлгэрэх болтугай.

Учрал, хүндлэлийн дэлгэр баяртаа улс хотлоороо сайхан шинэлээрэй.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, ДОКТОР С.ДАВААСҮРЭН

XVII жарны “Тийн унжлагат” нөхөрсөг Нохой жилийн битүүн