Нэмэгдсэн: 2019-03-14 08:47:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Б.Лхагвыг хүлээн авч уулзан, санхүүгийн зах зээлийн харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах юм. Иймд Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах нэгжийг байгуулан ажиллаж буйгаа Хорооны дарга С.Даваасүрэн танилцууллаа. Тус нэгж хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тэдгээрт тулгуурлан санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөж нийтлэг тохиолдлуудад дүгнэлт хийж, хянан зохицуулах шийдэл, арга замыг тодорхойлж ажилладаг юм.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд давхардал багагүй байдаг ч мөн тэр хэрээр хийдэл цөөнгүй байдгийг Хорооны дарга анхааруулж, тэр бүхнийг арилгах, тус тусын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах явдал ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэв. ШӨХТГ-аас Б.Лхагва төрийн байгууллагуудад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий зөвлөлийг олон талын оролцоотой байгуулах санал тавьж буйгаа дурдан, уг Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Хорооны даргад гардууллаа.