Нэмэгдсэн: 2019-05-02 15:07:00

ББСБ-ын удирдлагуудад сертификат олгох сургалтын бүртгэл явагдаж байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран ББСБ-уудын удирдлагуудад зориулсан 3 өдрийн 32 кредит цагийн сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийт 27 ББСБ-ын удирдлагуудыг хамруулж, сертификат гардууллаа.

Уг сургалтын зорилго нь ББСБ-уудын удирдах албан тушаалтнуудад салбарын үйл ажиллагааны онцлог, цаашдын хандлага, хууль эрх зүйн орчин, мөрдөгдөж буй журам, заавар, хяналт шалгалт, зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, нийгмийн хариуцлага, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдлэгийг цогц байдлаар олгох юм. Банк бус санхүүгийн салбарын мэргэжлийн оролцогчийн ёс зүйн дүрмийг баталсантай холбоотойгоор уг сургалтын хөтөлбөрт ёс зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлууд, мөрдөх хууль, журам, комплаенс зэрэг сэдвүүдийг тусгаснаар сургалтын үр өгөөж нэмэгдсэнийг оролцогчид онцолсон.