Нэмэгдсэн: 2019-05-16 08:59:00

Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоог чадавхжуулах сургалт боллоо. Сургалтыг АХБ-ны Олон улсын зөвлөх Пиер Сегиун, үндэсний зөвлөх Т.Оюунчимэг, СЗХ-ны ажилтнууд удирдан явуулсан бөгөөд хоршоодын төлөөлөл 26 оролцогч хамрагдсан юм.

Сургалтын агуулгад хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийн удирдлага, түүнийг удирдах тухай, хяналтын зөвлөлийн үүрэг, дотоод хяналтыг хэрэгжүүлэх гэсэн сэдвүүд багтсан ба оролцогчид өөрийн хоршооны сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.

АХБ-ны Олон улсын зөвлөх Пиер Сегиун илтгэлдээ “Хадгаламж, зээлийн хоршоонд тавих хяналт нь юуны өмнө хоршооны өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт, түүний дараа хяналтын зөвлөлийн дотоод хяналт, хөндлөнгийн аудит, эцэст нь зохицуулагч байгууллагын хяналт гэсэн дарааллаар хэрэгждэг болох”-ыг онцолсон юм.

Хадгаламж, зээлийн хоршоо нь хамтын удирдлага, хяналт бүхий гишүүнчлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага тул дотоод хяналтын үүрэг нэн чухал юм. Тийм учраас нийт хоршооны хяналтын зөвлөлийг чадавхжуулах сургалтыг бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургалтын явцад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт Т.Билгүүн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэдээлэл, заавар өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.