Нэмэгдсэн: 2019-06-14 10:41:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит IX хуралдаан өнөөдөр болж нийт 30 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Конкорал” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэр бүхий 9 иргэнд “Тэнгэр даатгал” ХХК-ийн, 7 иргэнд “Монгол даатгал” ХХК-ийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Миг даатгал” ХХК-ийн нэр бүхий 29 төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.   

Мөн “Капитрон банк” ХХК-ийн даатгалын зуучлалын 14 салбар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн даатгалын зуучлалын 3 салбарыг, “Виннэр вэй” ХХК-ийн салбарыг  бүртгэж, эрх бүхий албан тушаалтныг томилох 1, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах 1, даатгалын бүтээгдэхүүн бүртгэх 6 зөвшөөрөл өглөө.

Үнэт цаасны салбарын 4 асуудлыг хэлэлцэж, “Мик актив арван ес” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэв. “Мишээл рийл истэйт фанд” хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүртгэж, “Махонилиотта” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ.

Хуралдаанаар “Иргэд капитал”, “Майкапитал”, “Номинюнион”, “ГСБЭХ”, “Ган-Ивээл” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.

Мөн “Та финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “Иргэд капитал” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, нэр бүхий ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. “Машин механизм” ХК-ийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасав.  

“Шүрэнкапитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Инвестос ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олголоо.