Нэмэгдсэн: 2019-06-19 02:16:00

Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг-2019”-ийг амжилттай зохион явуулав.  

Хэлэлцүүлэг “Бизнесийн ёс зүй ба комплаенс”, “Комплаенс ба мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг” гэсэн хоёр хэсэгтэй. Энэ үеэр оролцогчид “Санхүүгийн салбарын ёс зүй болон комплаенсын өнөөгийн байдал”, “Бизнесийн ёс зүй комплаенсын үндэс болох нь”, “Санхүүгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын Ази номхон далайн бүс нутаг хариуцсан бүлгээс (APG) өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын явц” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ. 

 Арга хэмжээг нээж СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн үг хэлэв. Мөн Азийн сангийн суурин төлөөлөгч Mark Koenig, СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг болон Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх нар илтгэл тавьж, оролцогчдын санал бодлыг сонсч чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг-2019”-д Азийн сан, Монголбанк, Сангийн яам, ГХЯ, ХЗДХЯ, ТЕГ, ОУВС, Дэлхийн банк, АХБ, ЕСБХБ, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо,  Монголын ББСБ-уудын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын банкны холбоо зэрэг олон газрын төлөөлөгч оролцож санал солилцлоо.