Нэмэгдсэн: 2019-09-23 09:57:00

Финтек нь гүйлгээний зардлыг бууруулж, капиталын үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг.

Шинэ технологийн тусламжтайгаар гүйлгээний зардал болон хугацааг багасаж, хөрөнгийн зарцуулалтыг хянах боломжтой болсноор үйл ажиллагааны үр ашигтай байдал ерөнхийдөө нэмэгддэг. Газар тариаланд big data буюу том датаг ашиглан температур, чийг, хур тунадас зэрэг ургацын ургах орчинг хянах боломжтой болно. Цаашлаад энэ нь зээл, даатгал зэрэг санхүүгийн салбарт ашиглагдах боломжтой болдог.

Жишээ. Big data ашиглалт

Хөдөө аж ахуйн хувьд үр ашиггүй нийлүүлэлтийн гинжин хэлхээ, зах зээлийн хүртээмжид тулгарах саад, бэрхшээлүүдээс болоод олон тооны жижиг үйлдвэрлэл эрхлэгч, фермерүүд эдийн засгийн болон нийгмийн хожоогоо алдаж байдаг. Вьетнам улсад BanQu корпораци блокчэйнийг ХАА-д нэвтрүүлснээр фермерүүд гар утсаа ашиглан өөрсдийн болон газрынхаа мэдээллийг агуулсан хувийн хэргийг үүсгэснээр BanQu сүлжээнд нэвтрэн үйл ажиллагаагаа хялбараар явуулах боломжтой болж байна. Ингэснээр фермерүүдийн хувьд газар болон бүтээгдэхүүнийхээ үнэлгээг бодитоор үнэлүүлж, даатгалд хамрагдаж, ургацын хэмжээг таамаглах боломжтой болж байгаа юм.

Блокчэйний нөлөө

Финтек компаниуд блокчэйнийг ашиглан байгалийн нөөц баялагийг дижитал хэлбэрт оруулж байна. Ил тод байдлыг нэмэгдүүлдэг учир блокчэйнийг ашигласнаар бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгож тэгш бус мэдээллийн эрсдэлийг бууруулж байна.

Жишээ 1. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний ил тод байдал

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний ил тод байдал нь тогтвортой хөгжилд нөлөө үзүүлдэг финтекийн хамгийн түгээмэл жишээ байдаг. Блокчэйнийг ашиглан хөрөнгийн урсгалыг ил тод болгосноор энэ нь цаашлаад ой мод, загас ан агнуураас эхлээд нүүрсхүчлийн хий болон эрчим хүч ашиглалт зэрэг байгалийн нөөц баялагийн хэрэглээ, ашиглалтыг хянах боломжтой болгодог. Индонезид нийлүүлэлтийн тогтвортой гинжин хэлхээг үүсгэх зорилготой блокчэйний төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь орон нутгийн загасчидын барьсан үсэрдэг загас болон шар судалт тунаны гарал үүслийг тодорхой болгож, комплаенсийг нэвтрүүлэн одоогийн гарал үүслийг бичигт тогтолцоог халах боломжтой болгож байгаа юм. Үүнээс гадна энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл загас их хэмжээгээр барих (overfishing), залилан, хууль бус загасчлал буурна гэж үзээд байна.

Жишээ 2. Нүүрсхүчлийн хийн ялгарлын зөвшөөрөл

Зарим улс орнууд компаниудын ялгаруулдаг нүүрсхүчлийн хий болон бусад хүлэмжийн хийг багасгах үүднээс carbon credit буюу нүүрсхүчлийн хийн ялгарлын зөвшөөрлийг олгодог байна. Энэхүү хөтөлбөр нь илүү хэмжээний зөвшөөрлөө наймаалцах буюу худалдах боломжийг олгодог буюу cap-and-trade нэрээр алдаршсан. Компаниуд нүүрсхүчлийн ялгарлын дээд хязгаарт тохируулан үйлдвэрлэлээ явуулж, тэрнээс давж ялгарах тохиолдолд зөвшөөрлийг засгийн газраас эсвэл бусад компаниудаас худалдаж авдаг. Гэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцох болон зөвшөөрлийг солилцох нь цаг их шаардсан, өртөг өндөртэй үйл ажиллагаа учраас энэхүү тогтолцоог илүү боловсронгуй болгох үүднээс блокчэйнийг нэвтрүүлж эхэлсэн. Блокчэйний тусламжтайгаар компанийн ялгаруулж байгаа хэмжээг тодорхойлоод зогсохгүй цаашлаад зөвшөөрлийн илүү эсвэл дутууг биржийн бус аргаар наймаалцах боломжтой болж байна.

Финтек нь ногоон санхүүжилтийг өргөн хүрээтэй болгодог.

Том датаны тусламжтайгаар зөвхөн тухайн хүнд зориулсан маркетинг явуулж чаддагаараа финтек компаниуд бага зардлаар илүү олон хэрэглэгчийг ногоон санхүүжилтэд нэгтгэж чаддаг.

Жишээ. P2P буюу peer-to-peer эрчим хүчний “гүйлгээ”

Prosumers (Producer + consumer) буюу хэрэглэгч-үйлдвэрлэгчид нь өөрсдөө эрчим хүчийг ашиглаад зогсохгүй нар, салхины буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглан үүсгэсэн эрчим хүчийг блокчэйн технологийг ашиглан “хөрш”-дөө худалдах боломжтой болж байна. Үр дүнд нь блокчэйнд суурилснаар эрчим хүчний хэрэглээ банк, эрчим хүчний компаниудаас хамааралгүй болж байна. Оронд нь нэг төвтэй биш эрчим хүчний гүйлгээ болон нийлүүлэлтийн систем хөгжиж хэрэглэгчид өөрсдийн хэрэглэж буй болон худалдаж буй эрчим хүчээ хянах боломжтой блокчэйнд суурилсан ухаалаг гэрээний тоо нэмэгдэнэ. P2P эрчим хүчний гүйлгээ нэмэгдснээр байгальд ээлтэй буюу сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өснө гэж үзэж байна.

Финтек нь ногоон амьдралын хэв маягийг сурталчилдаг

Жишээ. БНХАУ дахь ногоон финтек буюу “Ant Forest”

БНХАУ-д тэргүүлэх финтек компани болох ANT санхүүгийн нэгдэл нь хэрэглэгчдэд ногоон санхүүжилтийг сурталчлах зорилгоор өргөн хүрээний төслийг хэрэгжүүлээд байна. Команиас интернет, санхүү болон “low-carbon lifestyle” буюу нүүрсхүчлийн хийн бага ялгаралтай амьдралын хэв маягийг нэгтгэн гаргасан “Ant Forest” аппликэйшн нь Ant-ийн хэрэглэгчдэд өөрсдийн ялгаруулсан нүүрсхүчлийн хийг багасгах боломжийг олгож байна. Ингэхдээ (a) хэрэглэгчид ухаалаг гар утаснаасаа нүүрсхүчлийн хийг багасгахад оруулсан хувь нэмрээ харах боломж, (b) виртуал хаягийг нь “ногоон эрчим хүч”-ээрх орлоготой болгох, (c) тухайн орлогоор нь мод тарьж урамшуулах гэсэн гурван алхамт хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хэрэглэгчид алхах, эсвэл олон нийтийн унаагаар зорчих мөн хэрэглээний зардал, торгууль, эмнэлэгийн зардлаа онлайнаар төлөх зэрэг нүүрсхүчлийн хийн ялгарал багатай үйл ажиллагааг хийсэн нь тооцоологдож, “ногоон эрчим хүч”-ийг дансандаа нэмнэ. Ногоон эрчим хүч нь виртуал дансандаа виртуал мод тарих хангалттай хэмжээнд хүрэхэд Ant санхүүгийн нэгдэл болон хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс бодитоор мод тарьдаг байна.

Гайхалтай нь уг хөтөлбөр төсөөлж байснаас хамаагүй олон хэрэглэгчийг хамарч богино хугацаанд хамарч чадсан байна. 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх 6 сарын хугацаанд БНХАУ-ын 200 гаруй сая иргэн сайн дураараа аянд нэгдсэн нь Ant-ийн хэрэглэгчдийн 44%, БНХАУ-ын насанд хүрсэн хүн амын 20% буюу дэлхийн хүн амын 3%-тай тэнцэж байна. Энэхүү амьдралын хэв маягийн өөрчлөлт нь үүсч болох байсан 150,000 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас сэргийлж, Ant санхүүгийн нэгдэл 2017 оны 1 дүгээр сар гэхэд 1 сая мод, 2019 он гэхэд 100 сая модыг  933 км2 буюу 130,000 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд суулгажээ. 

("Хүртээмжтэй санхүү" сэтгүүлийн 2019 оны 10 дугаараас)