Мэдээ

Санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд, ноён Уильям Хэйг нь 2013 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр “Эрдэнэс МГЛ” ХХК болон Англи улсын “IM Power” компанийн хооронд “Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсын Гадаад хэргийн яамны ёслол хүндэтгэлийн танхимд “Эрдэнэс МГЛ” ХХК-нийн зүгээс Гүйцэтгэх захирал О.Сайнбуян, “IM Power” компанийн зүгээс Удирдах захирал Гордон Дики нар гарын үсэг зурж холбогдох албаны хүмүүс байлцлаа.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” ХХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уурхайн эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагаа, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор “IM Power” компанитай хамтран ажиллах ба “IM Power” компани нь Шивээ - Овоогийн ордыг түшиглэн 750Мвт-ын өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц барих юм.

 

“Эрдэнэс МГЛ” ХХК болон “IM Power” компаниуд хамтын ажиллагааны үр дүнд “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрс олборлолтыг жилд 10 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог судалгааны ажил дээр үндэслэн гаргаад байна.