Таны санхүүгийн мэдлэгт

Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, Хорооноос гарч байгаа тогтоол, тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх, Олон Улсын байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн техноги, программ хангамжийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, Хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, Хороо болон Компанийн засаглал, Хяналтын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, албан хэрэг хөтлөлт, архив, нууц хадгалалт, хүний нөөцийн бодлого, сургалт, санхүү, хангамжийн асуудлыг хариуцах үндсэн үүрэг бүхий Тамгын газар нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

Тус газар нь 3 хэлтэс, 3 албатай.

§  Эрх зүйн хэлтэс

§  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

§  Мэдээлэл, технологийн хэлтэс

§  Захиргаа, хүний нөөц, сургалтын алба

§  Санхүү, хангамжийн алба

§  Хэвлэл мэдээллийн алба

1. Эрх зүйн хэлтэс

  1. Санхүүгийн зах зээлийн болон төрийн албаны зохицуулалт, хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн асуудлаар Хороо, Хорооны дарга, Ажлын даргын  гаргах тогтоол, тушаалын хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх;
  2. Хорооноос батлах эрх зүйн актын төсөл боловсруулахад хууль зүйн техник, бичилтийн арга зүйгээр хангах, тэдгээрийн давхардал, уялдаа холбоог хянах;
  3. Хорооны байгуулах гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагааны баримт бичгийн төсөл боловсруулах, хуульд нийцүүлэх, бүртгэл хөтлөх;
  4. Монгол Улсын хууль тогтоомж, Хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийн цахим болон цаасан хэлбэрийн лавлагааны санг бүрдүүлэн баяжуулж, кодификаци хийх;
  5. Хорооны үйл ажиллагаатай холбоотой аливаа зөрчил, маргаантай асуудлаар Шүүх, арбитр, хууль сахиулах, хяналтын байгууллагад итгэмжлэлийн үндсэн дээр Хороог төлөөлөн оролцох, тайлбар гаргах, нотлох баримтыг бүрдүүлэх зэргээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
  6. Хорооны улсын байцаагчийн ногдуулсан захиргааны шийтгэл, албан шаардлагын бүртгэл хөтлөх, улсын байцаагч нарт хууль зүйн зөвлөгөө өгч, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  7. Авлигатай тэмцэх Хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах, ажилтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл хөтлөх, хадгалах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх.

2. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

  1. Гадаад орны байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн холбоод, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхижүүлэх, хөгжүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах;
  2. Гадаад айлчлал, албан томилолт, гадаад сургалттай холбоотой асуудлыг хариуцан холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
  3. Олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдтэй байгуулах гэрээ, хэлэлцээр, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг холбогдох газар, хэлтэс, нэгжтэй хамтран боловсруулах, орчуулах, бэлтгэх;
  4. Хорооноос оролцох болон зохион байгуулах олон улсын чанартай хурал, зөвлөлгөөний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, үр дүнг хариуцах, биелэлтийг тайлагнах;
  5. Хорооны удирдлагад гадаад хамтын ажиллагааны чиглэлээр шаардлагатай танилцуулга мэдээлэл бэлтгэж өгөх, уулзалтын тэмдэглэл хөтлөх, уулзалтаар өгөгдсөн үүрэг даалгаврыг албажуулах, Хорооны холбогдох нэгжид хүргүүлэх, түүний биелэлтийг хариуцан ажиллах, үр дүнг тайлагнах;
  6. Хорооны тайлан, танилцуулга, захидал, илгээмж, мэндчилгээг орчуулах, цахим хуудсанд оруулах;
  7. Гадаадын төсөл хөтөлбөрийн зохион байгуулалтыг хариуцах.

3. Мэдээлэл, технологийн хэлтэс

  1. Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах мэдээллийн технологийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлуулж, хэрэгжүүлэх, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, сүлжээ болон түүнд суурилсан бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх ажлыг гүйцэтгэх;
  2. Хорооны үйл ажиллагаа, стратеги, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын стандарт, хөгжлийн чиг, олон улсын туршлага, стандартууд болон холбогдох эрх зүйн зохицуулалтад нийцүүлэн нэгжийн үйл ажиллагааны журам, заавар, ажлын горим зэргийг боловсруулж батлуулах, мөрдөж ажиллах;
  3. Мэдээллийн сангийн баяжуулалт, мэдээллийг боловсруулах, ашиглахад шаардлагатай программыг хөгжүүлэх, мэдээллийн нууцлал, нөөцлөлт, аюулгүй ба хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах;
  4. Ашиглагдаж буй программ хангамж, системийн найдвартай, үл тасалдах ажиллагаа, хөгжүүлэлт, өргөтгөл, шинэчлэлийг хариуцах, оюуны өмчийн хууль ёсны хэрэглээг хангаж ажиллах;
  5. Ашиглагдаж буй дотоод, гадаад сүлжээний найдвартай ажиллагаа, нууцлал, зохион байгуулалт, оновчтой байдлыг хариуцах, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах;
  6. Хороонд ашиглаж байгаа системүүдийн цахим хэрэглэгчийн эрхийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  7. Хороонд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, компьютер, сервер, сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдлын төхөөрөмж, бусад техник, дагалдах хэрэгслийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, шинэчлэлийг хариуцах;
  8. Хорооны цахим хуудас болон дотоод хэрэгцээний хаалттай цахим хуудасны хэвийн, найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай тохиолдолд хөгжүүлэх, сайжруулах, шинэчлэх;
  9. Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн асуудлаар сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх,  Вебмастер буюу мэдээ оруулагч, хуудас эрхлэгчид сургалт явуулах, зөвлөмжөөр хангах ажиллах;
  10. Хорооны хэрэгцээнд шаардлагатай программ хангамжийг боловсруулах;
  11. Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Хорооны зохицуулалттай этгээдийн мэдээллийн технологи, аюулгүй байдалд хяналт шалгалт, үзлэг хийх, зөвлөмж хүргүүлэх.

4. Захиргаа, хүний нөөц, сургалтын алба

  1. Хорооны жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
  2. Хорооны үйл ажиллагаатай холбоотой Улсын Их Хурал , Засгийн газрын тогтоол, шийдвэр, Хорооны болон Хяналтын зөвлөлийн тогтоол, шийдвэр, тушаалын бүртгэл хөтлөх, хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг нэгтгэн удирдлагад танилцуулах, холбогдох газарт хүргүүлэх;
  3. Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;
  4. Ажлын албыг чадварлаг, мэдлэг, ур чадвартай ажилтнуудаар бүрдүүлж, санхүүгийн олон талт мэдлэг бүхий тогтвор, суурьшилтай хүний нөөцтэй байх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх;
  5. Ажлын байранд хүний нөөцөө зөв байршуулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны тодорхойлолтонд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох;
  6. Ажилтнуудын сургалтын болон нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  7. Ажилтнуудтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх, хувийн хэргийг стандартын дагуу бүрдүүлэх, хадгалах, хүний нөөцтэй холбоотой бүртгэл, мэдээ, судалгаа, тайлан гаргах;
  8. Ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалин хөлс, нөхөн олговор олгох, тэдний ажил мэргэжлийн түвшинг үнэлэх, албан хаагчдад зэрэг дэв олгох, ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгох, шагналд тодорхойлох, сахилгын шийтгэл ногдуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлүүлэх;
  9. Ажлын албаны ажилтныг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын төлөвлөгөө гарган дотоод, гадаадад сургалтад хамруулах;
  10. Ажилд шинээр орсон ажилтанд чиглүүлэх сургалтыг зохион байгуулах;
  11. Ажилтнуудад зориулсан бүх төрлийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалтын агуулга, хөтөлбөрийг батлуулах, сургагч багшийг сонгон шалгаруулах, сэдвийн захиалга хийх, зохион байгуулалтыг хариуцах, хяналт тавих ажлыг гүйцэтгэх;
  12. Хорооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, зохицуулалттай этгээд болон мэргэжлийн холбоо, оролцогчдод зориулсан сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
  13. Байгууллагын зардлаар суралцах ажилтантай гэрээ байгуулж, суралцсан сэдвийг бусад ажилтнуудад хүргэх лекц, семинарыг зохион байгуулах, сургалтын гарын авлага материалыг нийт ажилтнуудад таниулж,  мэдээлэх, ашиглуулах;
  14. Хорооны бичиг хэргийг хөтлөн явуулах; 
  15. Батлагдсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг холбогдох бусад байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
  16. Албажуулах материалыг файлаар авч, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, бичиг хэргийн стандартын дагуу бичих, хянах, хэвлэх;
  17. Шуудан, илгээмж, хэвлэл, ирсэн, явсан бичгийн бүртгэл хөтлөх;
  18. Хорооны нууцын хадгалалт, хамгаалалт, архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж гүйцэтгэх;
  19. Газар, хэлтэс, нэгжүүд, хуулиар зөвшөөрөгдсөн этгээдийг архивын лавлагаа, мэдээллээр хангах;
  20. Хорооны болон Хяналтын зөвлөл, Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, шийдвэрийг албажуулах;
  21. Хорооны хуралдааны бэлтгэл ажлыг хангах, гишүүдэд хэлэлцэх асуудлыг танилцуулах, тараах, хуралдааны тэмдэглэл, протокол хөтлөх, хянах, баталгаажуулах, хадгалах;
  22. Хуралдааны шийдвэрийн биелэлтийг гаргах, хяналт тавих, нэгтгэх, тайлагнах;
  23. Хорооны орон нутгийн төлөөлөгчдийн бүртгэл, хөдөлгөөнийг хөтөлж, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нэгтгэн Хорооны удирдлагад танилцуулах. 

5. Санхүү, хангамжийн алба

  1. Хорооны аж ахуй, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  2. Хорооны жил бүрийн төсвийн төсөөлөл, төсөл, биелэлтийг хуульд заасан хугацаанд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Батлагдсан төсвийг зохих журмын дагуу үр ашигтай зарцуулах;
  4. Хорооны орлогын төлөвлөгөөний явц, биелэлтэд хяналт тавих;
  5. Хорооны нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
  6. Төсвийн болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
  7. Хорооны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон албан ажлын зориулалттай техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгслийн жагсаалт гарган, хангах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хэмнэлттэй зарцуулахад хяналт тавих;
  8. Хороонд шаардлагатай хөрөнгийн хангалтыг хариуцах;
  9. Автомашины ашиглалтанд хяналт тавих, техникийн аюулгүй байдлыг хангах, сэлбэг хэрэгсэл, шатах тослох материалын зарцуулалтанд хяналт тавих

6. Хэвлэл мэдээллийн алба

  1. Хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, Хорооны үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулах, “Санхүүгийн зах зээлийн мэдээлэл“ сэтгүүлийг эмхтгэн гаргах ажлыг хариуцах;
  2. Хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, Хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга, сурталчилгааны бусад мэдээлэл бэлтгэн нийтлүүлэх, эмхтгэж хэвлүүлэх;
  3. Хорооны удирдлага, ажилтнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулах, Хорооны үйл ажиллагаатай холбоотой гэрэл зургийн архив бүрдүүлэх, видео сан бий болгох;

Харилцах хаяг:

Газрын дарга П.Алтан-Од

Утас 261703, цахим шуудан: altanod@frc.mn