Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна

Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа байна.

Дэлхийн банкнаас Монгол Улсын санхүүгийн салбар дахь бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэж буй харилцагчдын эрх ашгийг хамгаалж буй байдал болон тэдгээрийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулсан судалгаа хийсэн ба уг судалгаанд Монголын эрх бүхий байгууллагуудаас харилцагчдын эрх ашгийг хамгаалж буй байдал болон харилцагчдын банк санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг дутмаг байгаа талаар дүгнэжээ. Судалгааны тайлангаас харахад, хүн амын дийлэнх хэсэг нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэдэж байгаа боловч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай байна. Тухайлбал, судалгаанд хамрагдагсдын 97 хувь нь энгийн тооцон бодох үйлдлүүдийг хийж чадаж байсан ба 86 хувь нь даатгалын бүтээгдэхүүний зорилгын талаар ойлголттой байсан боловч, 30 орчим хувь нь хүүгийн талаар, 60-аас дээш хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар ойлголтгүй байжээ.  

Санхүүгийн өндөр мэдлэг нь тухайн хувь хүнд болон түүний хамаатан садан, гэр бүлийн хүрээнд боломжуудыг бий болгож, зорилго болон санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь цаашлаад нийгмийн эдийн засгийн эрүүл мэндэд ч эерэг байдлаар нөлөөлдөг ач холбогдолтой.

www.ikon.mn