Даатгалын ач холбогдол: ДААТГАЛ гэж юу вэ?

Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг хэдий ч “Гай газар дороос” гэдэг шиг аливаа өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ үед хүн сэтгэл санааны, бие махбодийн, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг.

Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм.  Хүмүүс хэсэг бүлгээрээ дундын сан бүрдүүлж, тэрхүү сангаасаа хохирол учирсан нэгэндээ туслах нь даатгалын үндсэн хэлбэр юм. Тэрхүү санг үүсгэхэд хамтарч оролцох хүмүүсийн тоо олон байх тусам нэг хүнд ногдох зардлын хэмжээ буурдаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулахад хүрэлцэхүйц байх боломжтой. Үүнтэй адил даатгал бол бага зардал гарган их хэмжээний хохирлоос хамгаалагдах боломж буюу хариуцлага, хамгаалалт, амар тайван байдлыг эрэлхийлсэн эрсдэлийн удирдлагын энгийн шийдэл гэж ойлгож болно.

 

Гэнэтийн эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиолдох магадлалтай тул түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, шилжүүлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг арга хэмжээг авч болох бөгөөд учирч болзошгүй хохирлыг бусдад шилжүүлэх буюу даатгалд хамрагдах боломж байдаг. Эрсдэлийг даатгагдах болон даатгагдахгүй эрсдэл гэж ангилдаг. Гэнэтийн шинж чанартай, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжтой эрсдэлийг даатгагдах эрсдэл гэдэг.

Даатгуулж болох эрсдэлийн төрлүүд:

  • Хувь хүний эрсдэл – Амь нас, эрүүл мэнд учирч болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: автомашины осолд өртөх, өвчин тусах г.м.
  • Эд хөрөнгийн эрсдэл – Таны эд хөрөнгөд бүрэн буюу хэсэгчлэн хохирол учруулж болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: хулгайд юмаа алдах, орон гэр нь гал түймэрт өртөх г.м.
  • Хариуцлагын эрсдэл – Аливаа хариуцлагагүй болон санаандгүй үйлдлээс болж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: автомашин жолоодож байхдаа бусдыг гэмтээх, эд хөрөнгөд нь хохирол учруулах г.м.

Даатгалд хамрагддаггүй эрсдэлийн төрлүүд:

  • Элэгдэл, хорогдол
  • Техникийг шалган турших явцад гарсан хохирол
  • Хувь сэтгэл санааны хохирол, байгууллагын нэр хүндийн эрсдэл

Даатгал нь даатгалын гэрээний үндсэн дээр иргэд, байгууллагууд эрсдэлээ даатгуулж даатгалын хураамж төлөх, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол болсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр олгох итгэлцэл дээр суурилдаг үйл ажиллагаа юм. Иймд иргэн та даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцаа болон даатгалтай холбогдох дараах үндсэн ухагдахууныг ойлгох нь зүйтэй.