Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага билээ.  

Мөн Хороо нь холбогдох хуулийн хэрэгжилт болоод өөрийн үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнадаг, түүний харъяа байгууллага юм.

Хороо анх байгуулагдахдаа банкнаас бусад санхүүгийн салбарыг хариуцахаар хуульчлагдаж, үүнд нь үнэт цаасны салбар, даатгалын салбар, бичил санхүүгийн салбарын зохицуулалт хамрагдаж байсан. Гэвч шинэ тутам үүсэн бий болж буй зах зээлийн харилцаанаас шалтгаалан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтын хүрээний шинэ үйл ажиллагаанууд хамрагдах болсон. 

 

Хороо байгуулагдсанаас хойш бидний хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээ, явуулсан үйл ажиллагаа маань санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүгийн зах зээлийн зохицуулалтын оновчтой чиг хандлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн хүсэлт, гомдлыг хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зэрэг зорилго, зорилтуудыг хангахад чиглэгдэж байна. 

АЛСЫН ХАРАА

Чөлөөт, шударга өрсөлдөөнт, хэрэглэгчдийн эрх хамгаалагдсан, хүртээмжтэй, олон тулгуурт тогтвортой санхүүгийн зах зээлийг цогцлоож эдийн засгийн өсөлт, хөгжлийг тэтгэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО 

Санхүүгийн зохистой бодлого, үр ашигтай хяналт шалгалт, оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлж олон тулгуурт, хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан, итгэлийг нэмэгдүүлсэн тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

1.      Цогц мөн чанар: Хүнлэг, үнэнч, шударга, итгэлтэй, өндөр ёс суртахуунтай байх нь;

2.      Хариуцлагатай байх: Ажил үүргээ гүнээ ухамсарлаж, чин эрмэлзэлтэй, ажлын цагаа ажилдаа бүрэн зориулдаг, хичээнгүй нямбай, түргэн шуурхай, хувийн зохион байгуулалт сайн байх нь;

3.      Мэргэжлийн байх: Өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, зөв шийдэл гаргах чадвартай байх нь;

4.      Бие даасан байх: Хувийн ашиг сонирхлоос ангид, хөндлөнгийн нөлөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь;

5.      Манлайлал, санаачлагатай байх: Шинийг эрэлхийлэгч, сайжруулан хөгжүүлэгч,  манлайлагч, бүтээлч тэмүүлэлтэй байх нь;

6.      Багаар ажиллах: Нэг зорилгын төлөө мэдлэг мэдээллээ хуваалцах, хамт олноо сонсох, итгэл хүндэтгэлтэй хандах, дэмжин туслах, жигд оролцоотойгоор үр өгөөжтэй хамтран ажиллах чадвартай байх нь

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ЮМ.